Wednesday, February 4, 2009

Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ.
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. 
       Харин Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. 
Очихгүй бол бүр ч онигор болно”. 
        Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.
         Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна. 
        Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ. 
        Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ. 
Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, 
Бид Халимаг, буриад Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, магадгүй тэд маань одоо биднийг шоолохвий гэсэндээ л оросоор яриад байгаа байх. 
          Өөр хэл мэдэхгүй тулдаа л хэдэн дөрвөд, баядууд, буриадууд маань шоолуулаад л Монголоороо яриад байгаа байх. 
Бидэнд бие биенээ шоолж суух зав хийгээд тийм сэтгэлзүй, сэтгэхүй байгаа нь харамсалтай.              Үнэндээ бол энэ чинь бидний эмгэнэл. 
Дэлхийгээр нэг тарсан Монгол угсаатнууд маань их Монголын голомтыг сахин үлдсэн бидэндээ ямар их итгэл найдвар хүлээлэгдэгийг бид мэдрээгүй, мэдээгүй бүр тэднийхээ үнэн сэтгэлийн үгийг хошигнол гэж хүлээж авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг. 
           Энд хошигнол гэж ойлгоод инээж тэнэгтэх ямар ч шаардлага алга. 
Оросууд, хятадуудад адлагдаж эх хэл соёлоо мартаж, үндэстний, соёлын, улс төрийн асар их дарамтанд амьдардаг тэд маань цаг ямагт биднийг хүчирхэг болоосой хэзээ нэгэн цагт ирээд биднийгээ өмгөөлөөсэй, хамгаалаасай гэж хүсэж хүлээж итгэж явдаг нь хошигнол биш бодит үнэн юм. 
Бид тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүчирхэг болох ёстой бид эвтэй ухаантай байх ёстой. 
            Тэд маань бүр онигор болохоос нь өмнө бид очиж амжих ёстой. 
Магадгүй хөх толбо нь Монгол жартгар нүд нь алга болохоос нь өмнө бид очих ёстой. 
Бид тэднийгээ шоолох биш өөрсдийгөө шоолох ёстой.

No comments: