Monday, February 17, 2014

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих нэвтрүүлэг ийм байж болмоор санагдаад байх юм

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих нэвтрүүлэг
Зорилго
Улс төрчид, олны танил хүмүүс, болон энгийн иргэдээс ярилцлага авах, улмаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилна.
Нэвтрүүлгийн дараалал
Нэг. 
Олны танил нэг хүнээс жижиг дунд үйлдвэрлэл,  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар, түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлыг нь асууна.
Товчхон ярилцлага хийнэ.
Хоёр.
Ярилцлагын эцэст түүнээс Монголд хийсэн хувцасаа авч үлдээд бусдыг нь тайлвал та ямар хувцастай үлдэх вэ? Гэж асууна. 
Гурав.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байвал түүнийг нь хаанаас хэдэн төгрөгөөр авсаныг нь асууна. Тэр үйлдвэрлэгч дээр нь очиж сурвалжилна.
Дөрөв.
Мөн өглөөнөөс хойш та юу юу идсэн бэ? Гэж асуугаад түүнээс нь хэдэн хувь нь гадаадад, хэдэн хувь нь дотоодол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байж болох талаар ярилцана.
Тав.
Хамгийн чухал нь нэвтрүүлгийг гаргахдаа эвлүүлэг хийж оролцогчийн Монголд үйлдвэрлэсэн хувцасыг үлдээгээд бусдыг нь тайлсан хүүхэлдэйн загвар дээр толгойг нь оруулж бүхий л нэвтрүүлгийн турш тэрхүү загварыг ашиглах.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж мундаг цэцэрхдэг хүмүүс яг үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж юу худалдаж авсаныг нь бодитоор харахад ямар инээдтэй байх бол оо.

Мөн энэ нэвтрүүлэгтэй холбоотой нэг хүний сарын нийт худалдан авалтын хэдэн хувийг юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй нэвтрүүлэг хийж түүнээс хэдэн хувь нь Монголд, хэдэн хувь нь гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байгаа талаар ярилцаж болох юм.

Thursday, January 23, 2014

Энэ дууны үгэнд ая зохиогч болон дуучин хайж байна.

Миний хайрын ертөнц

Хаана хэзээ байгаагүй
Миний хайрын ертөнцөд
Харцны тань гэгээнд ургасан
Мянган цэцэгс дэлгэрнэ.
        Миний хайрын үзэмж минь
        Мянган цэцэгсээс илүү еэ
Сэмхэн чамайг хүлээсэн
Хоног өдрийн тоогоор
Сэтгэлийн цэнхэр нууранд
Хунгийн сүрэг чуулна
       Хайраас ундарсан аялгуу минь
      Хунгийн найрлаас илүү еэ
Инээж туулах насны уртыг
Бидэн хоёрт ерөөж
Итгэлийн өндөр ууланд минь
Бугын сүрэг урамдана
       Бусдыг хайрласан сэтгэл минь
       Бугын дуудлагаас илүү еэ
П.Амармэнд
Энэ дууны үгэнд ая зохиогч болон дуучин хайж байна.
Цагаан уул, дууны үг шалгаруулах юм гэнэ.Нэг үг явуулаад үзэе л

Sunday, November 4, 2012

Монгол бичгийг бүх нийтэд эзэмшүүлэх Монгол бахархалын шастир

Төслийн нэр: Монгол бичгийг бүх нийтэд эзэмшүүлэх Монгол бахархалын шастир
Төслийн зорилго: Монгол бичгийг бүх нийтэд эзэмшүүлэх тогтолцоо бүрдүүлэх.
Төслийн зорилт:
 Монгол бахархалын шастирыг бүтээх
Монгол бахархалын шастирын хэрэглээтэй холбоотой дүрэм, журам, хуулиудыг гаргуулах.     Үүнд: Дунд сургуулийн сурагчидад заавал үзүүлдэг болох,
           Монгол бахархалын шастирыг хуулуулж бичдэг болгох.
           Монгол бахархалын шастирыг бүх шатны шалгалтын агуулгад заавал оруулж өгөх. Төслийн хэрэгцээ шаардлага: Монгол бичгийг хэрэглээ болгох гээд чадахгүй гэхдээ болгочих юмсан гэсэн эрмэлзэл хүн бүхний л дотор байгаа байх. Одоо амьд сэрүүн буй Монгол бичгийг сайн эзэмшсэн буурлуудаа амьд байгаа дээр нь, Монгол бичгийг хэрэглээд заншчих юмсан гэж бодож яваа дээрээ нэг арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Энэ нь эхний ээлжинд Монгол бичгийг сэхээтний бичиг болгох.
Энэхүү шастир нь:
                   1. Монгол бичгээр бичигдсэн байна.
                   2. Монгол бахархалын шастир нь жинхэнэ Монгол хүнийг бүтээх мэдлэг мэдээллийн цогц сан байна. Орчин цагийн хэллэгээр бол энэ нь цагаан цаас мэт шинэ хүний оюун ухааныг Монгол хүн болгох, Монгол-99 хэмээх оюун ухааны суурь тогтолцоо байх болно.                   3. Монгол хэлний түгээмэл хэрэглээтэй үгнүүдийг багтаасан байна./Үгийн баялагийг хамгийн их байлгахыг эрмэлзэнэ./
                  4. Монгол улсын түүхэн бахархалт зүйлсийг оруулсан байна.
                  5. Сурган хүмүүжүүлэх сургаал үгс орсон байна./Оюун түлхүүр, Цаасан шувууны үлгэр, Чингисийн билиг сургааль, гэх мэт бусад/
                  6. Монгол ардын үлгэрүүд орсон байна.
                  7. Зүйр цэцэн үгсийг бүгдийг багтаасан байна.
                  8. Туульсаас орсон байна.
                  9. Монгол яруу найргийн дээж орсон байна.
                 10. Монгол ардын домогууд орсон байна.
                 11. Монгол улсын бүхий л аймаг сумдын нэр, танилцуулга орсон байна./Монгол улсын талаарх ерөнхий мэдээлэл орсон байна./
                 12. Өөр бусад зүйлсийг олон нийтийн хэлэлцүүлэг, эрдэмтэн мэргэдийн чуулганаар шийднэ.
Хамгийн чухал нь дараах зүйлсийг албадлагын байдлаар төрөөс хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
                 1. Энэхүү шастирыг дунд сургуулийн сурагчид заавал 9 удаа хуулж бичдэг байх ёстой.                  2. Хамгийн сайхан бичсэнийгээ торгоор баринтаглаад хоймроо залдаг байх ёстой.
                 3. Дунд сургуулийн төгсөлт, дээд сургуулийн элсэлтэнд тухайн шастираас санамсаргүй түүвэр байдлаар сонгосон нэг эхийг Монгол бичгээр бичиж байж дунд сургууль төгсдөг, дээд сургуульд элсдэг, төрийн албанд ажилд ордог байх ёстой.
Мөн албан бус байдлаар: Тэгээд энэхүү шастирыг хамгийн сайхан бичсэн хүнийг жил бүр шалгаруулж Монгол бичгийн уран бичигтэнээр зарладаг.
Энэ шастирыг айл бүр, хүн бүр эрхэмлэн хоймроо залдаг байх хэрэгтэй байна.
Энэ нь хойч үе залуусыг Монгол бичгээ андуугүй сурахад туслахаас гадна тэдэнд агуулгаараа үндэсний түүх, бахархал, Монгол хэлний арвин баялаг өвийг эзэмшүүлэх хэрэгсэл болно.  
                 Үүнийг хуулж бичих явцадаа тухайн хүүхэд маань өөрөө төлөвшин тэсвэр хатуужил сууж, энэ нь өөрөө Монголын сэхээтнүүдийн эрэмбэ зиндааг тодорхойлох хүчин зүйл болох юм бол яваандаа хүн бүр Монгол бичгийг бүрэн сайхан мэддэг болох эх үндэс болно.

Дэлхий дээр тархан суурьшсан Монголчуудыг Монголын их дээд сургуулиудад сурахад туслах тэтгэлэгийн сан

Хамгийн эхний хамгийн чухал ажил бол дэлхий дээр тархан суурьшсан Монголчуудыг Монголын их дээд сургуулиудад сурахад туслах тэтгэлэгийн сан.
           Эхний ээлжинд мөнгө бараг зарцуулалгүйгээр төрийн өмчийн томоохон сургуулиудад хангалттай оюутан авч чадна байх.
           Цаашдаа Монгол улсын засгийн газар болон дэлхий даяар тархан суурьшсан Монгол угсаатнууд, Монгол улсын аж ахуй эрхлэгч, хөрөнгө чинээтэй хүмүүсийн дэмжлэгээр энэхүү санг өргөтгөж болох байх.
          Тэгээд тархан суурьшсан Монголчуудаас жил бүр мянга мянган оюутан залуучууд уугуул Монгол улсад суралцаж төгсөж, зарим нь эндээ үлдэж, зарим нь эх нутагтаа очиж Монгол ёс, Монгол соёлоо түгээх болно.

Нармай Монголын үйлсийг бусдын эрх ашгийг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бидэнд шинэ эрин олгож байна.

Нармай Монголын үйлсийг бусдын эрх ашгийг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бидэнд шинэ эрин олгож байна.
Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
 Монголчуудыг зуун жилийн дараа гэхэд нэгтгэх холын бодол байна.
 Гурван үе өнгөрөхөд харь газар, харь гүрний хязгаар дотор суугаа хэдий ч Монгол хэлтэй, Монгол соёлтой, Монгол хүмүүсийг улам олон болгож, тэднийхээ сор болсон ухаан самбаатай үр хүүхдийг Монгол нутагтаа авчиран суулгахын тулд одооноос бид хичээх хэрэгтэй байна.             Оюун санааны нэгдэлийг ямар ч хил хязгаар, улс төрийн дэглэм хориглож чадахгүй билээ. Өөрөөр хэлбэл би бүрэн нүүлгэн авч ирэх биш харин тэднийг тэр нутаг усанд нь байлгах мөртлөө тэндээ багтаж шингэхээ больсон өсөлт, оюуны чадамжийг нь татах, тэднийгээ мөн

Монгол хэвээр нь байлгах талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах. Олон улсын хүний эрх, соёлын байгууллагуудтай хамтран тэднийгээ өмгөөлөх, Монголоороо байх боломжийг нь олгох.
Үнэн хэрэгтээ тэднийг нүүлгэж авчирна гэдэг бол Монгол угсаатны түүхэн эзэмшил газраас ухралт хийж байгаа хэрэг болох юм.
 Тиймээс тэднийгээ харин ч тэнд нь байлгах, гэхдээ Монголоороо байх боломжийг нь бүрдүүлэх, тэднийгээ ухаан самбаатай, эдийн засгийн болоод бусад талаараа чадвартай, чадавхитай, өрсөлдөх чадвартай байлгах.
 Мөн тэднийгээ угсаатны хувьд уусалгүй орших боломжийг нь хангах, бусад Монгол угсаатантайгаа гэрлэх, үр хүүхэдтэй болоход нь туслах.
      Тэднийхээ үр хүүхдийг эзэмшсэн нутаг бэлчээртээ багталцахгүйд хүрсэн өсөлтийг нь уугуул Монгол нутагтаа татах байдлаар явах хэрэгтэй байна.
     Жишээ нь Хятадад буй Монголчууд гэхэд 3-с дээш хүүхэд төрүүлэх нь хориотой байгаа, тэдний 3-с дээш төрсөн хүүхдийг нь бид эх орондоо авчирч, өсгөж хүмүүжүүлж авахад болохгүй зүйлгүй.
    Соёлын нэгдэл
    Хэлний нэгдэл
    Үндэс угсааны нэгдэл
    Үзэл санааны нэгдэл
   Дэлхий даяар тархан суусан Монголчуудаа нэгтгэхийн тулд дараах ажлаад хийгдэж болохоор байна.
                      1. Өнөөгийн Монголчууд бид бусад ястаныхаа хэл аялагыг шоолж инээдгээ эн тэргүүнд болих хэрэгтэй байна. Өнөөгийн Монголчууд үндсэндээ халхуудад түшиглэж, халх аялгуунд түшиглэсэн хэл зонхилж байгаа хэдий ч цаашдаа Монголд олон хэл аялгуу зэрэгцэн оршиж, хэн ч бай өөрийн төрөлх аялагаараа хэнтэй ч ярихаасаа ичиж зовохгүй тийм нөхцөл бүрдэх ёстой. Тэгж байж бид нэгдсэн Монгол, их Монголын эрин зууныг үзэх болно. Тиймээс би дөрвөд, баяд, урианхай, торгууд, дархад хэн ч бай өнөөдрөөс эхлэн өөрийн төрөлх аялагаараа ярьж хэвшихийг уриалж байна.
                       2. Ахмад хөвгүүдийн аян дайнаас санаа аван тархан суурьшсан Монголчууддаа нэг хүүхдээ уугуул Монголдоо боловсрол эзэмшүүлэх, уугуул Монголдоо ирүүлэх бололцоо олгоё. Цаашдаа улс гүрэн гэдэг нь илүү оюун санааны нэгдэл болох тул тэдгээр хүмүүс өөрийн идээшсэн тэр нутагтаа нутаглах хэдий ч шинээр төрсөн үр хүүхэд ач зээ нь харин Монгол хүнтэйгээ гэрлэж Монголдоо ирж амьдрах боломжтой тогтолцоог бид бий болгож хөгжүүлэх ёстой. Тэтгэлэгийн сан байгуулж, үндэсний томоохон компаниудаар дэмжүүлэн, төгсөгчдийг тэдгээр байгууллагуудад ажиллахыг дэмжих бодлого баримтлах.
                    3. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын соёлын , эдийн засгийн, нийгмийн бүхий л хүрээнд эрх чөлөөг нь хамгаалах, соёлын өвийг нь хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагыг НҮБ, Юнеско зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран байгуулах.
Эсвэл одоогоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн Монголчуудын холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагааг энэ чиглэлээр өргөтгөх. Төрийн зүгээс санхүүжилт олгох, сурталчилах.
Дэлхийг эзэмдье гэвэл хүнийг эзэмд
Хүнийг эзэмдьэ гэвэл сэтгэлийг нь эзэмд
Сэтгэлийг нь эзэмдсэн цагт бие нь хаа одох вэ гэж Чингис хаан маань хэлсэн гэдэг.

Wednesday, May 27, 2009

Дэлхийд би ганцхан Монгол нэртэй
Дээрээ би ганцхан Монгол тэнгэртэй

Wednesday, February 4, 2009

Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ.
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. 
       Харин Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. 
Очихгүй бол бүр ч онигор болно”. 
        Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.
         Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна. 
        Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ. 
        Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ. 
Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, 
Бид Халимаг, буриад Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, магадгүй тэд маань одоо биднийг шоолохвий гэсэндээ л оросоор яриад байгаа байх. 
          Өөр хэл мэдэхгүй тулдаа л хэдэн дөрвөд, баядууд, буриадууд маань шоолуулаад л Монголоороо яриад байгаа байх. 
Бидэнд бие биенээ шоолж суух зав хийгээд тийм сэтгэлзүй, сэтгэхүй байгаа нь харамсалтай.              Үнэндээ бол энэ чинь бидний эмгэнэл. 
Дэлхийгээр нэг тарсан Монгол угсаатнууд маань их Монголын голомтыг сахин үлдсэн бидэндээ ямар их итгэл найдвар хүлээлэгдэгийг бид мэдрээгүй, мэдээгүй бүр тэднийхээ үнэн сэтгэлийн үгийг хошигнол гэж хүлээж авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг. 
           Энд хошигнол гэж ойлгоод инээж тэнэгтэх ямар ч шаардлага алга. 
Оросууд, хятадуудад адлагдаж эх хэл соёлоо мартаж, үндэстний, соёлын, улс төрийн асар их дарамтанд амьдардаг тэд маань цаг ямагт биднийг хүчирхэг болоосой хэзээ нэгэн цагт ирээд биднийгээ өмгөөлөөсэй, хамгаалаасай гэж хүсэж хүлээж итгэж явдаг нь хошигнол биш бодит үнэн юм. 
Бид тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүчирхэг болох ёстой бид эвтэй ухаантай байх ёстой. 
            Тэд маань бүр онигор болохоос нь өмнө бид очиж амжих ёстой. 
Магадгүй хөх толбо нь Монгол жартгар нүд нь алга болохоос нь өмнө бид очих ёстой. 
Бид тэднийгээ шоолох биш өөрсдийгөө шоолох ёстой.